Яг ёсондоо ямар ч хаягдалгүй мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогийг мөрдвөл яс монголчуудын амьдралд маш чухлаар нөлөөлж хэрэгцээгээ мэдрүүлж байсан юм. Тамир тэнхээ муудсан хүндээ ясны шөл уулгахад гайхамшигтай үр дүнтэй байдгийг шинэ цагийн залуус мэдэхгүй гэхээс биш, ахмадууд бол сайн мэдэх нь ойлгомжтой. Хөгшин настай хүмүүс буюу хөл хүнд бүсгүйчүүд, цаашилбал ясны бэртэл хугаралтай хүмүүст ясны шөл уулгавал хүч тамир нөхөж, цог золбоо нь бадардаг билээ. Монгол анагаах ухаанд ч ясны шөлний хөлөгтэй эмийг одоог хүртэл хэрэглэсээр байгаа юм. Үүнээс гадна ясаар хутганы хуй, чөдрийн чагт, ясан савх хийх зэрэг олон талд ашиглаж байсан ажээ. Хөдөө нутгаар сурвалжилж явахад нэг малчин: “Энэ юуны тос вэ?” гэж надаас асуулаа. “Шар тос байна” гэхэд: “Би бас андуураад байдаг юм чинь та андуурах нь түмэн зөв” гэсэн билээ. Ясны тос байсан ажээ. Шар тос шиг шар өнгөтэй. Амт нь арай өөрөөс биш ялгарах юмгүй байв. “Үүгээр тосон ороомог хийгээд идэх юм бол чихийг чинь огтолсон ч мэдэхгүй” гэсэн малчны яриа ясны тосны үнэ цэнэ, охь шимийг бодолд мөнхрүүлж үлдээв. Нийгмийн хөгжил, түүхийн шалтгаан, амьдралын хэрэглээнд ашиглахгүй болсон зэрэг тал талын шалтгаанаар яс бас нэг үе хаягдлын тоонд орж, он цагийн дунд оршлын үнэ өртгөө алдахад хүрсэн юм. Өөрийнхөө юмыг өөрөө ингэж гээж орхидог хүмүүс байна гэхэд түүний үнэ цэнийг мэдэрч, бүр ихээр дээдлэн ашиглаж байгаа хүн ч байдаг юм байна. Тэд бол цаг төрийн хөгжлийн онцлогийг ажиж сурсан хүмүүс. Зах зээлийн эдийн засгийн хөгжлийн хэмнэлийг дагаад соёл, аялал жуулчлалаар газар орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг түлхүү ахиулах төрийн бодлогын хөг аяст өөрийнхөө аялгууг нэмж чадсан хүмүүс билээ. Соёл, аялал жуулчлалын хөгжилтэй зохицуулан ясан урлалыг хөгжүүлснээр яс дахиад л өөрийн үнэ өртгөө олсон байдаг.
Таван хошуу малынхаа ашиг шимийг тансаглан эдэлж ирсэн Монголчууд малын махаа боловсруулаад амьдралын хэрэгцээгээ хангаж ирсэн уламжлалтай. Тэр дунд яс яах аргагүй гарч ирнэ. Түүний үнэ цэнийг мэдэрч, цаашлаад соёл урлаг, соёл, аялал жуулчлалтай холбогдуулан хөгжүүлэх ур ухаан бас л манлай ухаан гэгдсэн малчин ухаанаас салж чадахгүй. Мандах гэгч Сөнид баруун хошуугаар нутагтай нэгэн гар урлагч бий. Тэр тэмээний богтос болон хүзүүний ясаар сар гаруйн хугацаанд луу урлаад 300 мянган юаниар худалдаж байсан гэвэл хүн бүхэн гайхах байх. Ясыг яндашгүй үнэ хүргэсэн нь энэ нэг л бүтээгдэхүүн биш, үхрийн далан дээр сийлсэн ясан урлалын бүтээгдэхүүнээ олонхдоо 1000 гаруй юаниар худалддаг аж. Мандах хонины толгойноос эхлээд сүүлний үзүүр хүртэлх бүх ясаар гар урлалын бүтээгдэхүүн урлаад 6000 юаниар худалдаж байсан түүхтэй. Энэ бүтээгдэхүүнийг хийхэд Мандах хоёр жил гаруйн хугацаа зарцуулсан гэдэг. Бүх ясыг цуглуулах гэдэг цаг орох ажил. Гэхдээ Мандах яагаад заавал малын бүхэл бүтэн ясыг урлах болсон юм гэвэл нөгөө соёл түүхээ бүрэн бүтнээр нь авч үлдэх гэсэн зорилгынхоо төлөө байлаа. Ясан урлал хийхийн төлөө бус, ястай холбоотой соёл түүх, зан заншил, цээр ёсыг уламжлах гэж хичээсээр байгаа нь бас нэг талын үнэ цэнэ билээ. Хонины бүх ясыг урлах гэсэндээ хүрч тэрээр сүүлний үеийн ясанд хүртэл урласан байв. Түүний ясан урлалын бусдаас ялгарах нэгэн онцлог нь ясны уг дүрс хэлбэрийг өөрчлөхгүйгээр урладагт ажээ. Энэ нь ясны уугуул төлөвийг алдагдуулахгүй гэсэн баримжаа юм.
Мандах арваад жил хадгалсан архил атан тэмээний далны дэгш тал дээр нь далан уралдааны морь сийлсэн байдаг. Далны нэг л тал дээр далан уралдааны морийг багтааж зурна гэдэг их ухаан юм. Үүний дээр бүгд нэг л хэлбэрийн зураг биш дээл гуталтай унаач хүүхэд уралдааны морь унаад давхиж байгаагаар зурсан бөгөөд уралдааны морины давхидаг, эвэрдэг, сунадаг, харайдаг, хатирдаг олон алхаа гишгээг харуулахыг хичээжээ. Энэ маш нарийн хөдөлмөр билээ. Тэрээр энэхүү бүтээлээ Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулж бэлтгэсэн бөгөөд далны дээрх гүдгэрийг овоо болгон урлаж, сангийн утаа уугиулж байхаар зуржээ. Далны хүзүүн дээр бөхий дээд дөрвийн барилдааны зурагтай, далны тогоон дотор нь нум сум харваж байгаа зурагтай. Монголчуудын уламжлалт овооны тахилга, эрийн гурван наадам ганцхан далан дээр ингэж урлагийн амь насаа олжээ. Далны амсан /ар тал/-д хийморь далласан 70 жил гэх босоо үсгийн доогуур сангийн утаа суунаглан, үүл болон эвхрэлдээд, үүлэн толгойд самбай хадаг дэлгэж барьсан зурагтай. Алтан нар агаар тэнгэрт гэрэлтэж, хөвөн цагаан үүл нь хөвөөд, хөдөө талдаа адуу мал нь бэлчсэн, танан цагаан монгол гэр, аралт тэрэг, араг савар ганцхан далан дээр монгол амьдралын бүхий л зураг сийлээстэй. Бас өндөр хүчдэлтэй цахилгаан, өргөн зам, машин механик, нисэх онгоц хүртэл зураглан бүтээснээрээ шинэ хөдөө тосгоны өнгө төрх энд тодорхой харагдана ажээ. Ганцхан далан дээр далан жилийн түүх бичигдсэн байна гэдэг агуу том багтаамж, гайхамшигт ухаан гэлгүй яах билээ. Тэр далны урлалаараа далан жилийн хөгжил өөрчлөлт ялангуяа өөрчлөлт нээлтийн өнгө гялбааг харуулж чадсанаараа үзсэн бүгдийг гайхшруулж чадсан байдаг. Түүний энэхүү “Хийморь далласан 70 жил” гэх бүтээл 100 мянган юанийн өндөр үнэ хүрчээ. Цаг үеийн түүх шастирыг гайхалтай тэмдэглэсэн энэ том ухаан өөр ямар нэгэн том мэргэжилтнийх биш, харин малчны үр хойчийн суу ухаан байлаа. Мандах 2011 онд Сөнид ясан урлалын хоршоог байгуулж, ясан урлалд дуртай сонирхолтой 50-иад хүнд сургалт явуулсан бөгөөд 2013 оноос эхлэн хошууныхаа монгол дунд сургуулийн сурагчдад ясан урлалын хичээл заах болжээ. Энэ нь түүний ясан урлалын соёлыг хойч үеийнхэндээ уламжлах гэсэн санаа, мөн аймгийн зэрэглэлийн бодисын бус соёлын өвийн уламжлагчийн үүрэг хариуцлага нь билээ.
Шилийнгол нутагт Мандахаас өөр ясан урлалын үйлсийн замаар замнаж яваа хүн олон бий. Хөвөөт шар хошууны Оюунбилэг, Авга хошууны Эрдэнэбаатар, Сөнид зүүн хошууны Дурсгалт зэрэг залуу уран бүтээлчид ч ясан урлалын цараанд нэг ёсны байр сууриа олж яваа хүмүүс болно. Залуу ясан сийлбэрч Оюунбилэг арваад тэмээний чөмөгний ясаар ясан эмээл хийсэн нь 100 мянган юанийн үнэ хүрч билээ. Тэмээ ховордсон Цахар нутагт арваад тэмээний чөмөгний ясыг цуглуулах гэдэг ч бас нэг ёсны их хөдөлмөр байсан юм. Мөн ясан урлал гэдэг өөр нэг төрлийн гар урлалтай адилгүй нэг онцлог байдаг нь уг материалын дүрс байдлыг өөрчлөхийн бололцоогүй бөгөөд зөвхөн түүний онцлогт нь тохируулан ажиллах хэрэгтэй байдаг. Мөн адилхан зүстэй хүн байдаггүй шиг адилхан хэлбэр дүрстэй яс ч байдаггүй нь нэг ёсны хүндрэл юм. Зөвхөн шагайгаар авч жишээлэхэд ч ав адилхан хоёр шагай олддоггүйг шагай тоглоом тоглож үзсэн монгол хүн бүр мэдэх л ёстой. Тиймээс арваад тэмээний чөмөгний ясанд адилхан яс нэг ч байгаагүй нь Оюунбилэгт нэг ёсны бэрхшээл болж байв. Гэхдээ аливааг нэгийг хийж бүтээе гэдэг бодол ургасан цагаас эхлэн бүх юм аяндаа бүрэлдэн тогтдог нь жам билээ. Хоёр жил гаруйн хугацаанд түүний хийж бүтээх гэсэн уран сэтгэмжид боломжийн зүйлийг нь бүрэлдүүлж өгчээ. Тэр энэ эмээлийг гол нь тавилга засалд зориулж хийсэн бөгөөд ясаар хийсэн эмээл байдаггүй байсан хоосон орон зайг нөхөх зорилготой байсан ажээ. Гэхдээ зүгээр л ясыг хооронд нь зүйж наагаад хийсэн биш, харин яс болгон дээр нь дөрвөн хүчтэн буюу монгол амьдралтай холбогдох олон олон зураг сийлбэртэй байдгаар уран сэтгэмжийн үнэ өртгийг нь өндөр болгов. 2017 онд нэгэн музей Оюунбилэгээс гурван бүтээлийг нь 138 мянган юаниар худалдан авсан ажээ. Энэ гурван бүтээл нь 20 далны ясан дээр бүхэл бүтэн адуун соёлыг харуулсан нэг иж бүрэн бүтээл, морин хуурын үүсэл домгоор сэдэвлэж адууны ясаар хийсэн морин хуур, усан тахийн толгой дээр бөхийн соёлыг сийлж харуулсан “Мөнх тэнгэрийн элч” хэмээх бүтээл зэрэг байлаа. Соёлын үнэ өртөг, хүч хөдөлмөр, ур ухааны зарцуулалт бүх зүйл уран бүтээлийн үнэ цэнийг тодорхойлдгийг Оюунбилэг ингэж ясан урлалаараа харуулж чадлаа. Гээгдмэл ясыг хэлж урлаад урлагийн бүтээл болгож, ясны үнэ өртгийг сэтгэшгүй өндөрт хүргэсэн хүний дотор Оюунбилэг дурдагдалгүй өнгөрч болохгүй ээ.