Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Найраас алт “унагааж”, наадмаас мөнгө “хормойлохуй”

Найраас алт “унагааж”, наадмаас мөнгө “хормойлохуй”

“Наадам” гэдэг бол монгол үндэстний эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн гайхамшигт соёл, ёс заншлын нэгэн илэрхийлэл билээ. Тиймдээ ч дэлгэсэн тэрлэг шиг тал нутгийн дэнж хотойлгосон “Наадам”-ыг сонирхох жуулчид зуны дэлгэр цагт үерийн ус мэт тал нутгийг зорьдог. Мөн үүнийг харгалзан “Наадам”-ын соёлыг өргөнөөр сурталчлан, бүс нутгийн хэмжээнд наадам зохион байгуулахыг дэмжиж, наадмаар дамжуулан аялал жуулчлалын хөгжил, орон нутгийн эдийн засгийн орлогыг нэмэгдүүлэх, олон үндэстний ард түмэн хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор ӨМӨЗО сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж байна. Улмаар энэ жилийн зунаас “Өдөр бүхэн наадамтай” төслийг хэрэгжүүлэн, “Тал нутаг дахь наадмын болзоо” сэдвийн эргэн тойронд аймаг, хотууд өргөн хэмжээний наадмуудыг зохион байгуулсан.

Ийнхүү “Наадам”-ын утга сэдэв өргөжин, олон “өнгө төрх”-тэй болсон төдийгүй бүс нутгийн эдийн засгийн орлогыг нэмэгдүүлэх “үүрэг”-ийг үүрэглэх болжээ.

Наадмаас мөнгө “төрүүлэх” малчин ухаан

"Биднийг бага байхад найр наадам их л цөөхөн байсан. Юм цөөхөн байхдаа л илүү үнэтэй, хүлээлттэй байдаг. Өнөө цагт найр наадам олшроод, зугаа цэнгэл нь арвидаад, цаг зав, мөнгө төгрөгөө дэмий үрэх болж" гэж хэсэгтээ ахмад настнууд таагүйцэж явсан бол наадам зохион байгуулагч талаас малчдыг хоол, худалдаа үйлчилгээ эрхлэлтийг дэмжсэнээр их удалгүй энэхүү боломжийг олон малчид ашиглах болж, өөрсдийн брэндээ бүтээсэн нь ч бий. 

- Миний шорлогийг идэж үзсэн хүмүүс наадмаар намайг хайж ирдэг. Би энэ “Монгол шорлог” бизнесийг ажиллуулаад дөрөв дэх жилийн нүүрийг үзэж байна. Дулаан цаг болж, найр наадмууд эхлэх үеэр нутгаасаа гарч, зөвхөн найр, наадмаар дамжин, хонь, үхрийн махаар хийсэн шорлог зардаг. Энэ жилийн хувьд шалбин /дугуй хуушуур/, үхрийн махтай шөл нэмсэн. Бидний хүнээс онцлогдох тал гэвэл олон жилийн турш баримтлаад ирсэн нэгэн зарчим бий. Даруй махны чанарыг батална. Олон төрлийн амтлагчаар амтлахгүй, хоносон шорлогийг зарахгүй, өнөөдрийн сүвлэсэн шорлогоо зарж дуусгахгүй бол шууд хаяад маргааш нь бүгд шинийг сүвэлж шардаг. Үнэ ханшийн хувьд бусдаас харьцангуй өндөр байдаг боловч хүмүүс “үнэтэй байна” гэсэн хэрнээ идчихээд маш баяртай мөнгөө төлдөг гэж “Монгол шорлог” нүүдэл хоолны газрын эзэн, Шулуунхөх хошуугаар нутагтай Хаш ярилаа.

Хашийн “Монгол шорлог”-ийг бид өвөрмөц “уриа”-нд нь татагдан очиж сурвалжилсан юм. “Үхрийн махан шорлог, хонины махан шорлог, хонины шарсан элэг, өөхөнд боосон бөөр” гэж сунжруулан донжтой дуудах уриа Зүүн Үзэмчин хошууны Ээжнуур сумын Хараат багийн наадмын хоол хүнсний хэсэгт өвөрмөц “өнгө аяс” нэмж байсан юм. Тус баг нь Ардын анхдугаар их наадмаараа мөн малчин ардынхаа орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хоол, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зориулж нэгдсэн төлөвлөлт хийсэн төдийгүй, наадмын цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэх хүнийг багийн малчдаар хязгаарлах арга бодлогыг хэрэгжүүлж байгаа юм.

Энэ зэргээр наадам нь мөн малчдын орлогоо нэмэгдүүлэх бас нэгэн арга зам болж байна. Шилийнгол аймгийн Шилийнхотод болсон ӨМӨЗО-ны Тал нутгийн 34-р наадмын үеэр наадмын дэнжид бизнес ажиллуулж, ашиг орлого бүтээж бий малчид муугүй олон байлаа. Ихэвчлэн унааны морьдоо авчирч жуулчид наадамчдад унуулах, айраг цэгээ зарах, нүүдэл ресторан ажиллуулж байв.

Наадмын дэвжээний зүүн хэсэгт байршуулсан хоол худалдаа үйлчилгээний бүсэд очиход:

- Сүүтэй цай, үхрийн махтай шалбин, хонины махтай шалбин, шөл байна. Эрхэм та тавтай морилно уу гэх монгол бүсгүйн хэлэх нь сонсогдлоо. Түүнийг Мандарваа гэдэг. Шилийнгол аймгийн Шулуун Хөвөөт Цагаан хошуу нутагтай. 2015 онд Шилийнхотод “Мянгат монгол ресторан”-ыг ажиллуулж эхэлснээс хойш өнөөг болоход салбар ресторантай болсон тухай нь бид сурвалжилж мэдсэн юм. “Мянгат монгол ресторан” нь энэ жилийн хувьд анх удаа наадмын талбайд хоол хүнс зарж байгаа бөгөөд угаас шалбингаараа алдартай тус ресторан нь наадмын эхний өдөр гэхэд л нийт 600 гаруй ширхэг шалбин зарж, 10 мянга юанийн орлоготой, олз омогтой ажиллаж байлаа.

Сөнид зүүн хошууны Наранбулаг сумын Цагаан булаг багийн малчин Хөгжилт наадмыг зорьж ирсэн жуулчин олонд тэмээний тухай танилцуулахын зэрэгцээ тэмээ унуулах үйлчилгээ хангаж байв. Тэмээг нэг удаа унахад 30-50 юань авч, наадмын эхний өдөр 50 гаруй хүнд үйлчлэн, 2000 гаруй юанийн орлого олжээ.

- Наадмаар тэмээ унуулах нь зөвхөн орлого олох зорилготой бус, харин жуулчдад таван хошуу малын нэг болсон тэмээ эрдэнээ таниулж, тэмээний эдлэл хэрэглэл гэх мэт тэмээн соёлоо илүү олон хүнд сурталчлахын төлөө юм гэж Хөгжилт ярилаа.

Наадмаас алт “олборлох” мэргэн бодлого

Наадам зохион байгуулах нь бүс нутгийн хувьд хөрөнгө оруулалтын шаардлагыг нэмэгдүүлэх, хэрэглээний эрэлт хэрэгцээг дэмжих, үндэстний өвөрмөц бүтээгдэхүүнийг сурталчлах, ажлын байр бий болгох гэх зэрэг давуу талуудыг бүтээдгээрээ орон нутгийн эдийн засгийн орлогын нэмэгдэлд илүү их үр нөлөө үзүүлдэг байна.

Өнгөрсөн жил болсон ӨМӨЗО-ны Тал нутгийн 33-р наадмын үеэр Шилийнгол аймаг нь давхардсан тоогоор нийт 500 мянга гаруй гаднын жуулчин хүлээн авч, наадмын хугацаан дахь аялал жуулчлалын орлого 1.1 тэрбум юаньд хүрсэн байв.

Энэ жилийн ӨМӨЗО-ны Тал нутгийн 34-р наадмын үеэр Шилийнгол аймаг нь мөн цагаан идээний брэндийн нэр нөлөөг нэмэгдүүлж, малын ашиг шим, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын замыг өргөтгөх зорилготой “Наадам + цахим худалдаа” сэдэвчилсэн үйл ажиллагааг зохион байгуулж, “Шилийнголын ховор бүтээгдэхүүн” цахим тавцанг ашиглан шууд нэвтрүүлэг хийн, Жан Вэй, Уянга, Сүх, Баатар зэрэг 11 интернет одуудын оролцоотойгоор Шилийнгол аймгийн орон нутгийн онцлогт бараа бүтээгдэхүүнийг цахимаар борлуулсан байна. Арга хэмжээний хүрээнд Шилийнгол аймгийн аж үйлдвэр худалдааны товчоо нь соёл, аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын компаниудтай хамтран бүх орны хэмжээнд улаан идээ, сүү цагаан идээ, рашаан ус, архи нэрмэл гэх зэрэг олон төрлийг хамарсан нийт 140 гаруй бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулсан. Тэдгээрээс 59 төрлийн бүтээгдэхүүнийг цахимаар, 92 төрлийг наадмын талбар дахь зах дээр борлуулж, нийт 670 мянган юанийн орлого үүдсэн байна.

Наадам нь энэ жишээгээр эдийн засгийн орлого бүтээх алтан боломжийг бий болгодог бол сүүлийн үед наадам болохыг хүлээхийн оронд харин наадам зохиох шинэ чиг хандлага гарч байгааг дуулгахад мөн таатай байна. Үүний нэгэн жишээ бол бол энэ зуны турш сошиал ертөнцөөр од болсон Хөххотын “Чак хотын наадам” юм. Энэхүү үйл ажиллагааг Өвөр Монгол орны брэнд, Хятад даяар алдартай “Эрдэнэ” компаниас зохион байгуулсан бөгөөд тэдний хувьд эдийн засгийн орлогоос илүү брэндийн нэр нөлөөгөө сурталчлах зорилготой байв.

Хөххотын бэсрэг наадмын үеэр оюутны бөхийн барилдаан, урлагийн үзүүлбэр зохион байгуулснаас гадна, хоол хүнс, хувцас гоёл, гоо сайхан, айраг цагаа гээд худалдаа дэлгүүр бага бус ирсэн нь Хөххотын монголчуудын хувьд дээл хувцсаараа гоёж, дэнж хотойтол наадах сайхан аз завшаан болжээ.

Хотын бэсрэг наадмын нэгэн онцлог нь идэр залуучууд олон байв. Хөххотод ажиллаж, амьдарч байгаа монгол залуучуудын хувьд цаг зав гаргаж нутаг буцан наадам үзэх боломж хүн бүхэнд төдийлөн олдоод байдаггүй. Улмаар энэхүү Хотын бэсрэг наадам нь тэдэнд наадам үзэх, амралтын хоёр өдрөөр хүүхдүүдээ агаарт гаргах, уламжлалт соёлыг харуулах, наадмын дэнжид айраг ууж, “наадмын хуушуур” идэх чимх мөрөөдлөө биелүүлэх боломжоор хангасан байна. Ялангуяа, Хөххотод бизнес эрхэлдэг залуучуудын хувьд бараа бүтээгдэхүүнээ зарахаас илүү брэнд тэмдгээ сурталчлах алтан боломж болсон байна.

Хөххотын зөөлөн салхинд илбүүлж, Даланхарын дулаан нөмөрт бүүвэйлүүлсэн хотын монгол наадам ийнхүү хурсан олны сэтгэлийг бүлээцүүлэн, уламжлалт наадмын өнгийг хадгалж, хотын залуучуудын амьдралд хөөр баяр нэгээр нэмж байгаа нь сайхан. 

Зохиогч:С.УРЬХАН, Ц.УРАНТУНГАЛАГ, Э.ТЭРГҮҮН
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Мэдээ үзсэн:101
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7