Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Наадам, нутаг, хууч

Наадам, нутаг, хууч

“Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд

Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж

Зуузай харшуулсан гурван сумын морьд

Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж

Хөх торгон баадантай хөлийн хоёр асар

Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд

Еэвэн хээтэй зодгоо зууван болтол дугтралцах

Есөн давааны бөхчүүд наадмын цагаригт тэмцэлдлээ”

Наадам гэж ярихаар Ш.Гүрбазар гуайн “Дугуй хээтэй наадам” хэмээх сайхан шүлэг эрхгүй санаанд бууна. Дээл, морь, бөх гуравгүйгээр монгол нутгийн наадмыг төсөөлөхөд бэрх. Харин цацар, майхан, хөсөг гэвэл Өвөр Монголын хувьд сүүлийн жилүүдэд найр наадмаар ховорхон харагдах болсон. Зам нэвтрэлцэл хялбар, машин унаа элбэг болсон цагт наадам үзэх хүмүүс машин тэрэгтэй давхиулж хүрээд, наадам үзчихээд буцдаг болж. Гэр тэргээ авч, наадмын дэнжид хөсөг буун, хонуут өнжүүт наадам үзэж суудаг байсан үлгэр түүхийг настнуудын яриа, наадмын нээлт хоёроос л сонсож мэдэх үлджээ. Яагаад наадмын нээлтээс үзэх болсон тухай яривал үг олон. Өнгөрсөн долдугаар сард наадмын тухай цуврал нэвтрүүлэг хийхээр ажлын гурван анд томилолтоор гарсан юм. Бид гурвын анхны өртөө болох Зүүн Үзэмчин хошууны Ээжнуур сумын Хараат багийн ардын их наадмын нээлтийн ёслолд үхэр тэрэгтэй нүүдэл, тэмээн жингийн цуваа гэх зэрэг уламжлалт нүүдэл соёлын үзүүлбэрийн тоглолт наадмын талбайд зохиогдлоо. Ээжнуурын давс ачсан тэмээн жингийн араас монгол гэрээ тээсэн үхэр тэрэг дагаад наадмын дэвжээг үнэхээр чимж байсан юм. Мөн тэндээс ачаа дагасан хоточ банхар хэрхэн дутаж болох вэ. Дэвжээний баруун талд хүрээд нүүдэл буудаллан, тулганы гурван чулуу босгон галаа асааж, цайгаа чанаж суухад тэр нутгийн тэнгэр нялхарч, дэнж амаржих мэт санагдана. Нүүдэл, наадам хоёр тэрэгний хоёр хүрд шиг тэнцүүхэн байдгийг тэгж л би ухаарсан юм.

Наадам хэзээ эхлэв?

“Наадам” буюу “На Да Мү” гэх үсэгчилж орчуулсан ханзыг Хятадын цахим сүлжээний хамгийн том танин мэдэхүйн сайт болох “Байдү” хуудсаас хайхад “Наадам бол Монгол үндэстний урт удаан жилийн түүхтэй уламжлалт баяр, Монголчуудын амьдралд маш чухал байр суурьтай” гэж тайлбарласан байдаг. Тэгвэл тэр урт удаан жил нь хэр удаан юм бол?

Монгол наадам үүссэн түүхийг орчин цагийн судлаачид тэртээх Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зууны түүхтэй холбон тайлбарладаг. Тухайн үеийн Хүннүчүүд тархай бутархай овог аймгийн эв нэгдэл, цэргүүдийнхээ байлдааны ур чадварыг сайжруулах үүднээс наадам зохион байгуулдаг байсан. Үүнээс хойш монгол угсаатнууд эрийн гурван наадмыг наадмын дээд хэмээн эрхэмлэх болсон гэдэг. Ер нь сүүлийн үед ч гэсэн зуны сүүл, намрыг угтах налгар цагт ард олон нэгэн дор цуглаж, дугуйлан сууж, уухайлан наадна гэдэг тэдний хувьд бүтэн жилийн алжаалаа тайлах баяр цэнгэл нь биз ээ.

Эрийн гурван наадам

“Эрийн гурван наадам” гэдэг монгол наадмын сүлд сүнс нь байх учиртай. Эр хүний хүч самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих уралдаан гэсэн гурван төрлийн тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог.

Моринд гарамгай, сурд цэцэн, бөхөд эрэмгий байх нь монгол эрийн заавал эзэмших гурван чадварт тооцогддог байж. Учир юу гэвээс эрт цагт газар нутаг, эх орноо хамгаалахад эр хүнд энэ гурван чадвар хэрэг болж байсан нь гарцаагүй. Тухайлбал, морийг гарамгай унахын сацуу нум сум тавьж дайснаа устгана. Харин гардан байлдаанд сэлэмгүй оролцохдоо бөхийн мэх ашиглах шаардлагатай байсныг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн нь бий.

Харин “Дэлтэй бүхэн уралдсан ч айраг амсдаггүй Дээлтэй бүхэн зодоглосон ч начин болдоггүй” гэх монгол ардын зүйр цэцэн үгнээс энэ тийм хялбар зүйл биш гэдгийг ухаарна.

Бөхийн барилдаан гэдэг бяр чадлын сорио мэт боловч бүхнийг давна гэдэг уран мэх, оюуны тамирын шалгалт гэлтэй. Тэгэхээр тэнгэр газрын дунд босоо хоцорч, тэнүүн талынхаа өрцөнд одтой барилдана гэдэг бөх хүний оройн дээд хүсэл нь биз ээ. Хүж дэлхийгээ сэргээх хүчит бөхийн дэвэлт, хүн зоноо баясгах уран барилдаанаар мөчөөрхөх хүчит бөхчүүд бол яах аргагүй монгол наадмын чимэг.

“Монгол бөхийн дагшин орон” гэх сайхан өргөмжлөлтэй Үзэмчин нутаг нь Өвөр Монгол орондоо монгол бөхийн соёлыг маш сайн өвлөн уламжилж, мөн олон сайхан бөхчүүд төрүүлснээрээ алдартай. Энэ зуны хувьд Үзэмчин нутгийн хөвгүүд басхүү нутаг нутгийн наадамд хийморьтой барилдаж явсан нь олны ам дамжин сайшаагдаж байлаа. Жишээ нь, Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошууны наадмын 512 хүчит бөхийн барилдаанд Зүүн Үзэмчин хошууны 24 настай бага Баярбаатар түрүүлж, Улаанхад хотын Онгонууд хошууны наадмын 1024 хүчит бөхийн барилдаанд Баруун Үзэмчин хошууны Санчир түрүүлж, Зарууд хошууны наадмын 512 хүчит бөхийн барилдаанд Баруун Үзэмчин хошууны Цагаанзаан түрүүлсэн байна. Нутгийн нэрийг өргөж, хүний нутагт сайн барилдаж ирсэн бөхөө нутгийн ард түмэн нь бэлгэ ерөөлөө дээдлэн хүндэтгэлтэйгээр угтан авч байгааг цахим мэдээнүүдээс хараад эрхгүй огшиж билээ.

Номин талд эрхий мэргэнээ сорьсон, нум сумын исгэрээ салхи зүссэн, эрийн гурван наадмын тэргүүн болсон, эрэмгий мэргэн харваачид монгол наадмын бас нэгэн чимэг.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол наадмуудаар сур харвааг маш чухалчлан үзэх болж, биет бус соёлын өвийн сургалтаар сургуулийн хүрээнд орсон нь үнэнхүү сайшаалтай. Наадамд сур харвахаар ирсэн харваачид мөн уламжлалт өмсгөл гоёлоо ёс жудагтай өмсөж оролцох болсон нь бүр сайшаалтай. Улаанцав хотын “Тал нутгийн аялал” жуулчдын XIII наадамд оролцохоор ирсэн Шилийнгол аймгийн Шулуунхөх хошуугаар нутагтай харваач н.Цэцэнбат энэ тухай ярихдаа:

- Харваачдын хувьд энгэрийн даруулга нэг хэрэгтэй. Энэ нь салхинд дээлийн энгэр хөвөлзөхөөс сэргийлнэ. Хоромсого, саадаг зүүх агсуурга бас хэрэгтэй. За, тэгээд миний хувьд өнөөдөр мөн найзынхаа мөнгөөр урлаж өгсөн эрхийвчээ зүүсэн. Хуруугаа хамгаалахын зэрэгцээ нумаа тогтоох үйл хэрэгтэй гэж тайлбарлалаа.

Адууны илчинд жавар тайтгарч, ардын минь наадамд нутаг баясна. Талаа төөлж уралдаан морьд хурдлахад самсаа шаргиулан наадамчин олон уясна. Монгол морь гэдэг талын элгэнд цахилах хурдан буян, тайван монгол түмний сэтгэл зүрхний сахиус, давирахад нь тал баясаж, цогиход нь жавхаа бадарч, сайварлахад сэтгэл сэргэн, давхихад нь хийморь манддаг сайхан монгол морьд ардын наадмын эрхэм чимэг.

Наадмын хууч

Өнөө цагт наадам олшрон, баг сумаас эхлээд хошуу, аймаг, хот, орон гэхчлэн адил бус цар хүрээтэй, янз бүрийн утга сэдэвтэй найр наадмууд бараг л бүхэл зун, намрын турш үргэлжилдэг болсон. Харин дээр үед наадам их л цөөхөн байсан гэж настай хүмүүс ам нэгтэй ярьцгаах юм.

- Миний багын үед найр наадам их ховор шүү. Би хамгийн анх 1982 онд их сургуулийн хоёрдугаар курсын оюутан байхдаа хошууны наадамд явж үзсэн гэж бод доо. Наадамд хорхойтой, явдаг хэдэн хүн л явна. Хүн бүхэн явахыг хүсэвч нөхцөл байхгүй. Одоогийн хүүхдүүд мэдээтэй, мэдээгүй манцуйтай байхаасаа л наадмаар явж байна. Тэр үеийн наадам ихэвчлэн морь ба бөх. Төрөл зүйл нь цөөхөн хэдий ч боломжийнхоо хэрээр өвтэгш бэлддэг байсан. Наадамд морь уясан хүмүүс хэд хоногийн өмнөөс майхан хөсгөө аваад замдаа хонож өнжөөд, хажуугаар нь морио сориод наадмыг зорьдог байсан. Наадам их хувирч өөрчлөгдөж байна. Их баян тансаг, цаг үеийн өнгө аястай болж байна. Морь уралдах, бөх барилдахаас гадна, нум сум, сур харвах их газар авч байна. Сүүлийн жилүүдэд бас дууны уралдаан хийж, ур оёдол адилтгах, заримдаа бүр олон бүслүүр, дээс тамах, эмээл хазаар, цагаан идээ, ганган морь шалгаруулах гэх мэтчилэн шинэ зүг рүү хөгжиж байна. Энэ нь цаг үе хөгжиж, ард түмэн бүгдээрээ наадамд орж буйн шинж тэмдэг болов уу гэж Баруун Үзэмчин хошууны уугуул, яруу найрагч, зохиолч Д.Баатар ярилаа.

Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг сумын Баянбүрд багийн ахмад малчин Сарангоо:

- Ээж нь 1977 онд бэр болсон хүн, тэр үед найр наадам гэж их л ховор байсан даа. 1980 оноос эхлээд наадамд хааяа явдаг болсон санагдана. Гол нь гэрийн эзнээ явуулъя гэж хонь мал, хүүхэд настнаа харж харгалзаж хоцорно. Наяад оны сүүл болоход хүүхдүүд ч өслөө, өөрсдөө бас найр наадмаар явдаг болсон. Тэр үед манайх нэг трактор авсан. Тэгээд наадмын урьд орой нь тракторын онгоцонд цагаан эсгий дэвсээд хүүхдүүдээ хувцастай нь боогоод унтуулна. Маргааш өглөө нь эрт үнээгээ саачхаад хүүхдийнхээ нүүр гарыг ч угаалгалгүй хөдлөөд, наадмын дэнжид очиж байж хувцас хунарыг нь солин, нүүр гарыг нь угааж цэвэрлэнэ. Бодвол тийм л ажил ихтэй, зав муутай байсан юм байх гэж хөхрөн хуучлав. Сар асгарч хур тэгшрэн, найр хөгжиж, хуур уянгалах ардын маань сайхан наадам үеийн үед өвлөгдөн, удам дамжин жаргах болтугай.

Зохиогч:С.УРЬХАН, Ц.УРАНТУНГАЛАГ, Э.ТЭРГҮҮН
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Мэдээ үзсэн:94
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7