“Наадам”-ыг та хэрхэн төсөөлдөг вэ
Хүчит бөх, хурдан морь, мэргэн харваач гэх төдийгөөр “Эрийн гурван наадам”-аар л наадмыг төсөөлж байгаа бол та цаг үеэс хоцрогдсон гэдгээ ухаарах хэрэгтэй болов уу.
“Наадам”-ын сэдэв агуулга, цар хүрээ өргөжиж, “Эрийн гурван наадам”-ын дээр бүсгүй хүний ур ухаан, хөдөлмөр зүтгэлийг үнэлэх “Ур оёдлын үзэсгэлэн”, “Цагаан идээний шалгаруулалт”, соёл уламжлалыг сурталчлах “Биет бус соёлын өвийн үзэсгэлэн”, “Малчдын гар утасны гэрэл зургийн үзэсгэлэн”, “Уран зургийн үзэсгэлэн”, мөн “Хөдөлмөрийн жишээч”, “Чинээлэгжсэн өрх”, “Төмөр хүүхэн”-ий өргөмжлөл гардуулах гэх зэргээр малчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлэн урамшуулахаас гадна, сайн үүлдрийн мал, ганган адуу шалгаруулах зэрэг Өвөр Монгол дахь ардын наадам нь утга сэдвээр баялаг болсон төдийгүй шөнөдөө мөн урлагийн тоглолт, тэмцээнүүдийг зохион байгуулдаг болсон байна.
Бид гурвын эхний өртөө Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Ээжнуур сумын Хараат багийн ардын анхдугаар их наадам байлаа. Наадмын нээлт аймгийн наадмаас дутуугүй нижгэр болж, малчдын царайд баярын мишээл бялхана. Энэ жил Ээжнуур сумаар хур бороо элбэг, бэлчээр нутаг халиуран, мал унаа өншиг тарган зусжээ. Наадмын өглөө бороо шаагиж, нээлтийн ёслол эхлэх үеэр нам зогссон нь “Нутгаа баярлуулж наадам хийлээ хэмээн тэнгэр бурхан сайшаан ивээж байна” гэж малчид их л олзуурхан ярьцгааж байсан юм. Энэ тухай Хараат багийн малчин, “Хөдөлмөрийн жишээч”, Шилийнгол аймгийн “Содон малчин” өргөмжлөлтэй Соёлт настан:
- Багийн маань анхдугаар удаагийн ардын наадам ёстой сайхан эхэллээ. Тэнгэр эцэг хүртэл ивээж, бороо хур хайрлан, наадам эхлэх үеэр сайхан зогсоод өгсөн. Малчдын сэтгэлийг их сайхан хөгжөөлөө. Бүгд сэтгэл дүүрэн байна. Би өөрөө багтаа насаараа засгийн ажлыг хийж, нам ард түмний дунд гүүр болж явсан хүн. Энэ хөдөлмөр зүтгэлийн минь хариу энгэр дүүрэн медаль байна. Сум, хошуу, Өвөр Монгол орны зэрэглэлийнх бүгд байна. Өнөөдөр бас “Хөдөлмөрийн жишээч” өргөмжлөл хүртсэн гэж сонирхуулан ярилаа.
Хараат багийн “Төмөр хүүхэн” н.Цэцэнгэрэл:
- Өнөөдрийн наадам үнэхээр сайхан болж, малчдын сэтгэлд их хүрлээ. Би “Төмөр хүүхэн”-чүүдээ цуглуулж, наадмын нээлтийн талбайд орох ёслолд оролцсон. “Төмөр хүүхэн”-ий тухай ярих юм бол 1960-1970-аад оны үед “Үүшинзуугаас суралцан, элс манхныг өөрчилж, ногоон бүрд болгох” уриалга өрнөж, орон нутгуудад төмөр хүүхэнчүүдийн эгнээ ар араасаа байгуулагдан, хамт нийтийн ажилд оролцож, ард түмэнд үйлчилдэг болсон юм. Төмөр хүүхэнчүүд маань тусламж хэрэгтэй айлуудад хүрч, хонь хайчлахаас эхлээд өвс хадах, малын хашаа барих, зам засах гэх зэргээр “Эр хүний хийж чадах бүхнийг бүсгүйчүүд хийж чадна” гэж мэрийдэг байсан үе бий гэж ярилаа.
Ая дууны гангараатай ардын наадам
Хараатын наадмын нэгэн онцлох зүйл нь яах аргагүй наадмын сүлд дуу байлаа. Өвөр Монголын алдарт хөгжмийн зохиолч Т.Улаанбаатар, нэр хүндтэй яруу найрагч, зохиолч Д.Баатар нарын урын сангаас гарсан “Хараат нутаг минь” дуу хурсан олны таашаалд хүрч, зөрөөд өнгөрсөн бүхэн аялан дуулж явахыг бид анзаарсан юм.
“Адуу даргихад өндөлздөг хайрхан уулс минь
Амьсгаа тэнийхэд өндөрлөдөг цайлган туульс минь
Рашаан хишгээ соёрхон Ээж нуур минь
Атар талаа дүүргэсэн эрдэнэт сүрэг минь
Алтан нар минь, өнгийн солонго минь
Алсаас ирдэг хурын үнэр минь
Хараат нутаг минь ээжийн говь минь
Хан дэлхийд ганцхан л нутаг минь...”
Аз болоход наадмын өмнөх өдөр сэтгүүлч гурав маань Баруун Үзэмчин нутгаар хүрч, энэхүү дууны шүлгийг зохиогч Д.Баатар багштай ярилцаж, дуу төрсөн түүхээс нь хуваалцсан билээ.
- Хүний нутагт дуу бичиж өгнө гэдэг эрхбиш тухайн нутагт хүрч уул устай нь танилцах хэрэгтэй. Тэгээд нэг өдөр хоёул яваад хүрлээ. Энэ нутагт домогт Ээж нуур бий. Сумын төвийн урд талд их Ээж нуур, эдний багийн нутагт бага Ээж нуур байдаг юм байна. Тэгээд хоёр “Ээж”-ийн нутгаар явсан. Их “Ээж”-ийн хөвөөн дээр нэг булаг оргилж байдаг. Ээж нуур гэдэг чинь давсан нуур шүү дээ. Дэргэд нь бүр шүүтэй, давстай ус байхад тэр булгаас цэнгэг ус гарна гэдэг бас нэгэн гайхамшиг. Тэгээд тэр уснаас хүртчихээд буцсан. Хараат багийн нутаг гэж Их Ээж нуурынхаа өмнө, бага Ээж нуурынхаа эргэн тойронд, байгалийн сайхан орчин нөхцөлтэй, зам харилцаа дөхөм нутаг. Нутгийн өмнө зах нь манай Баруун Үзэмчиний хойд захын Сонгино уултай хиллэдэг. Тэр сайхан тал дээрээс нүгдийж харагдах Сонгино уулнаас зүүн зүгт Хараат нутгийн ард түмний сэтгэл зүрхний шүтээн, нутгийн бэлгэдэл болсон Хараат уул гэж бий. Нутгийнхан тэрийгээ Сэргэлэн Хараат гэж хүндэлнэ. Тэгээд энэ хоёр уул усных нь нэрийг дууны дахилтад нь оруулсан. Тийнхүү тэдний захиалгаар энэ дуугаа бүтээжээ. Ямар ч байсан нутаг усных нь ард түмний сэтгэл зүрхэнд хүрсэн сайхан дуу болоосой л гэж хүсэж байна гэж яруу найрагч Д.Баатар гуай хүүрнэлээ.
Наадгайн гоёотой Дөрвөд наадам
“Энүүхэн дор, цаахна талд” гэх Үзэмчин нутгийн хүмүүсийн үгэнд итгэж болохгүй гэдэг наргиа бий. Ямар учиртай вэ гэхээр хоёр Үзэмчиний нутаг уужим, нутгийн хүмүүсийн хэлдэг “энэ хөтлийн цаахна талд” гэдэг орон зайн илэрхийлэл нь гадны хүний хувьд маш хол газар байдаг байна. Би өөрөө Үзэмчин нутгийн үр сад хэдий ч энэ удаад яг энэ үгэнд “хууртаад” 200 шахам километр явж зорьсон айлдаа хүрсэн юм. Нутгийн зам таарууг хэлэх үү, зорьсон айл маань холыг ч ярих уу, хошуун төвөөс өглөө хөдөлсөн гал аяны гурав гэрийн эзний зааж тоймчилж ярьсан үгийн дагуу явсаар бага үдийн алдад зорьсон айл болох Зүүн Үзэмчин хошууны Ээжнуур сумын Хонгор багийн малчин яруу найрагч Б.Цэнгэлтийнд буулаа. Залуу бага насандаа тоогүй олон сонсож, дуулж явсан “Хөххотын тэнгэр” дууны шүлгийг энэ хүн бичсэн гэдгийг аян замын зуур ажлын андаасаа сонсож мэдсэн юм. Яруу найрагч гэргий нөхөр хоёрын догдлол ихтэй халуун сэтгэл, зочломтгой зан, үнэнчхэн үг, дотнохон ярианы ян танг даалгүй суусаар байж, нар ханын элэг өнгөрөх үеэр тэднийхээс гарлаа. Уг нь өдрийн голд хөдөлж, дараагийн өртөө болох Улаанцав хотын Дөрвөд хошуунд үдэш эртхэн хүрэх зорилготой байсан юмсан.
Хаа хол мянган газрын алсыг зорьж яваа зорилго маань Улаанцав хотын “Тал нутгийн аялал” жуулчдын XIII наадам байсан юм. Наадмыг Улаанцав хотын Дөрвөд хошууны “Гэгээнтал аялал жуулчлалын бүс”-д хийлээ. Энэ нь мөн Дөрвөд хошууны малчдын хувьд хошууных нь ардын их наадам байлаа.
- Нутгийн тэнгэр баясгаж наадам сайхан эхэлсэн. Малчдын сэтгэл маш өндөр байна. Ардын наадам гэдэг малчин түмний хувьд удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулзаж учрах, өнгөрсөн нэг жилийн ажлын алжаалаа тайлан сэтгэл баясгах, мөн эрчүүдийн хувьд давах, унах нь хамаагүй зодоглоод үзэх гэх зэрэг утга учиртай үйл ажиллагаа юм. Энэ жилийн наадам үнэхээр сайхан болж байна. Эрийн гурван наадмын дээр шатар, шагайн тэмцээн бас зохион байгуулж байгаа нь сайхан байна гэж Дөрвөд хошууны Баян-Овоо сумын малчин, Өвөр Монгол орны зэрэглэлийн “Хөдөлмөрийн жишээч” Жаргал ярилаа.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол нутаг дахь ардын наадамд наадмын хөтөлбөртөө монгол наадгайг оруулах болсон. Үүнийг бид энэ наадмаас харсан юм.
Өвгөд дээдсийн оюун билгийн төрдөс, ухаан тамирын сорио, уламжлал түүхийн хэлхээ, өв соёлын эрдэнэ болсон шагай, шатар зэрэг монгол үндэстний уламжлалт наадгай нь Дөрвөд нутгийн наадмыг чимэн, уралдааны танхимын дээврийг дэвэлзүүлэм уухайн дуу байн байн цуурайлж байлаа. Хоёрхон өнгийн хөлгөндөө хорвоогийн хар цагааныг багтааж, жаран дөрвөн буудалдаа жаргал зовлонг тооцоолсон жаргалант монгол шатар, “Шагайн мэргэ гэрэлтэж, дөрвөн бэрх буухад есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужрах” монгол наадгай маань Дөрвөд түмний дунд ийн сайн уламжлагдан дэлгэрч байгаа нь үнэхээр сайшаалтай санагдлаа.
Эртний торгоны замын чухал өртөө байсан Улаанцав хот нь улсын нийслэл Бээжин, орны төв Хөххоттой ойрхон, зам харилцаа дардан байдгаараа аялал жуулчлалыг хөгжүүлэх давуу нөхцөлтэй. Улмаар сүүлийн жилүүдэд Улаанцав хот, тэр дундаа Дөрвөд хошуу нь аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж ирсэн бөгөөд энэ удаагийн жуулчдын наадмын хүрээнд Дөрвөд хошууны аялал жууллалыг сурталчлах миссийн тэмцээнийг зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээг Хятад, Монгол, Орос гурван орны хэмжээнд зохион байгуулсан учраас гурван орноос тэмцээнийг зорин ирсэн үзэсгэлэнт гоо бүсгүйчүүд яах аргагүй наадмын бас нэгэн чимэг болж байлаа.
Ийнхүү урлаг соёлын гангараатай, уламжлалт наадгайн гоёотой, эрийн гурван наадмын жавхаатай, үзэсгэлэнт гоолиг бүсгүйчүүдийн чимэгтэй Дөрвөд нутгийн наадам сэтгүүлч гурвын сэтгэлийг догдлуулан энэ зуныг донжтой үдлээ.