Холын холоос хөхрөн цэлийх Их Хянган даваа, Мунь уултай, талаа чимэн ургамал амьтнаа ундаалан урсах Хатан гол, Хөлөн нуур, Тайгын нуур, Улаансухайтай Өвөр Монгол орон 1.183 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэр дээр яг л уран зураг шиг олон өнгөтэй.
Үзэсгэлэнт байгаль, элбэг баян ашигт малтмал, үр тариалан, мах, сүүний үйлдвэрлэлээрээ Хятад улсдаа тэргүүлэх Өвөр Монголд дэлхий даяар танигдах шалтгаан дэндүү олон.
Хятадын умард нутгийн соёлыг тээсэн Өвөр Монгол орон “Умарт нутгийн соёл” брэндийг бүтээн байгуулж, шинэ эриний соёлын эрхэм зорилгын төлөө шаргуу ажиллана.
“Умарт нутгийн соёл” брэндийн нэгэн томоохон илэрхийлэл бол яах аргагүй Өвөр Монголыг дэлхийд таниулж, нэр алдрыг нь өргөх баяр наадам билээ. 20 жил зохиогдсон Тал нутгийн соёлын наадам, 20 жил зохиогдсон Мөнгөн өвлийн мөс цасны наадам зэрэг 12 аймаг, хотууд мөн өөрсдийн соёлын наадмыг хийж байна. Жишээлэхэд: Хөххотын Жаожүнь соёлын наадам, Бугат хотын соёл урлагийн наадам, Баяннуурын Бортохойн соёл урлагийн наадам, Алшаа нутгийн алтан намрын тооройн эко аялал жуулчлалын наадам, Улаанхад хотын Хуншаний биет бус соёлын өвийн соёлын аялал жуулчлалын наадам, Хөлөнбуйрын тал нутгийн аялал жуулчлалын наадам, “Хятадын адууны нутаг” Шилийнголын морины уралдаан гэх зэрэг Өвөр Монголын соёлын брэндүүд ар араасаа хөвөрсөөр.
Дэлгэрэх зуны долоон сар гэж уудам тал номин ногоон гоёлоо өмсөж хүчит бөхчүүд нь эр бяраа гайхуулан, хурдан морьд нь шанадас юугаа сорьж, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ шалгасан баяр наадмын сайхан улирал аа. Ийнхүү жуулчид, зочид төлөөлөгчид Өвөр Монголд аяны дөрөө мулталж, айраг тараг уун жаргана.
Жуулчид зуны саруудад Өвөр Монголд хамгийн ихээр ирдэг. Наадам бол Өвөр Монголын байгаль орчин, аялал жуулчлал, соёлыг жуулчдад таниулах алтан үе билээ. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд наадмын үеэр эрийн гурван наадмаараа өөр хоорондоо уралдаан тэмцээн зохиох төдийгүй жуулчид, наадамчин олонд зориулсан төрөл бүрийн урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах болжээ.
Шилийнгол аймгийн Соёл, спорт, аялал жуулчлал, радио, телевизийн товчооны дарга Хэ Минжянь:
- Дэлгэр цаг хаяанд иржээ. Өвөр Монгол маш ойрхон, байгаль нь үзэсгэлэнтэй. Тэр дундаа Шилийнголын нь нийслэл Бээжинтэй хамгийн ойр байдаг. Онгоцоор 40 минут нисээд л ирчихдэг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирэх жуулчдаа хүлээн авч, баяр наадмаа үзүүлэх болно гэж наадмын урилга илгээж байсан нь саяхан.
ӨМӨЗО-ны 34 дэх удаагийн тал нутгийн наадам 07-р сарын 14-нд Шилийнгол аймгийн Шилийнхотод эхлэв. Гурав хоног үргэлжлсэн тус наадмын үеэр эрийн гурван наадам, авто аялал, соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, аялал жуулчлалыг дэмжих арга хэмжээ болов. Энэ жилийн наадмын нээлтэд алдарт хуурч Чи Булаг хуур татаж, адуучид морьтой үзүүлбэр үзүүлсэн нь наадамчин олны сонирхлыг их татаж байлаа. Өнгөрсөн жилийн наадмыг гадаад, дотоодын 100 мянган жуулчин үзсэн юм. Баяр наадмыг тохиолдуулан Өвөр Монголыг зорих жуулчдын хөл ихэсдэг болохоор энэ жилийн наадамд хүрэлцэн ирэх жуулчдад зориулан тусгай гарц, тусгай машины зогсоол, мөн наадмын нээлтийг үзэх хүсэлтэй бүх жуулчдад тусгай суудал гаргаж өгсөн ба жуулчдын онцгой бэлэг, газар дээр нь аялах тусгай маршрут зэргийг сайтар зохион байгуулж, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлэх таван арга хэмжээг танилцуулсан байна.
Үүний зэрэгцээ энэхүү наадмын арга хэмжээнд жуулчдыг жинхэнэ утгаар нь оролцуулах үүднээс сонирхолтой үйл ажиллагааны цуврал тэмцээнүүдийг тохируулсан бөгөөд нээлтийн ажиллагаанд Хятад улсын бусад муж хотоос ирсэн 500 гаруй жуулчид нь аялал жуулчлалын баг болон оролцож, наадмын нээлтийн ёслолын өвөрмөц сэтгэл татам байдлыг биечлэн мэдэрлээ. Хэбэйгийн жуулчин Юнь овогтын хувьд наадмын нээлтийн ёслолд үзэгч биш,оролцогчын хувиар наадмын уур амьсгалыг мэдэрсэн нь түүнд хамгийн нандин дурсамж болон үлдэх болно гэж догдлон ярьж байлаа.Наадмын үеэр мөн жуулчдад андай бүжиг, уртын дуу, хөөмийг заав. Хоол ундааны хэсэгт жуулчдад жинхэнэ нутгийн хоолыг амтлуулах гэж 100 хүний хот пот /халуун тогоо/, бүхлээр нь шарсан хонины мах зэргийг хүндэтгэлтэйгээр тавьсан байна.
Энэ удаагийн Наадмын арга хэмжээ нь нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ жил наадмын жуулчдын тоо нээлтийн өдөр л гэхэд 100 мянга давж, аялал жуулчлалын орлого 572 хувиар өссөн байна. Өвөр Монголд аялал жуулчлалын оргил үе тохиож байгаа тул Төмөр замын газраас зарим чиглэлд нэмэлт галт тэрэг гаргах, автобусны үйлчилгээг өргөжүүлэх зэрэг олон арга хэмжээ авч, жуулчдад үйлчилж байна.
Жилээс жилд нэмэгдэх жуулчдын хэрэгцээг хангах, орлогоо нэмэгдүүлэх зорилгоор малчин өрхүүд ч өв соёлоо таниулах, гэр буудлын үйлчилгээ үзүүлэх, орон нутгийн бүтээгдэхүүнээ борлуулах болов. Борлуулагч Алтаннахиагийн хувьд өнгөрсөн жилийн наадмаар хоёр өдрийн дотор 20 гаруй мянган юаний сүүн бүтээгдэхүүн борлуулсан. Энэ жилийн наадмаар мөн сүүн бүтээгдэхүүн, жимсний цай худалдаалж, борлуулалт маш сайн байгаа, өнгөрсөн жилийн наадмаар танилцан дахин үйлчлүүлэгчид цөөнгүй байна гэж байлаа.
ӨМИС-ийн Түүх, аялал жуулчлал, соёлын дээд сургуулийн дэд профессор, тоймч Вэй Иньдун:
- ӨМӨЗО-ны 34 дэх удаагийн Тал нутгийн наадмыг зохион байгуулснаар Өвөр Монголын нэр нөлөөг нэмэгдүүлэн, холбогдох салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, хөгжлийн боломжуудыг бий болгоход эерэг үүрэг гүйцэтгэсэн. Наадмын онцлох үйл явдлууд нь маш гайхалтай болсон гэж хэлж болно. Юуны өмнө зохион байгуулагчдын зүгээс Соёлын биет бус өвийн үзэсгэлэн, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс гадна, Шилийнголын амтат хоол, морь унах, тал хээрийн аяллын дурсгалын зураг авах арга хэмжээ тохируулсан ба нээлтийн ёслол, бөх, харваа, шагайны тэмцээнд жуулчдыг оролцуулсан байна. Энэ наадмын бас нэгэн шинэлэг зүйл нь Өвөр Монголын бэлэг дурсгалын зүйлс, аялал жуулчлалын тусгай бүтээгдэхүүнийг онлайн болон офлайн байдлаар нэгэн зэрэг худалдаалах, наадмын сэдэвтэй 20 гаруй бүтээгдэхүүнийг Стriр АРР дээр гаргасан зэрэг нь шинэ мэдээллийн хэрэгслийг ашиглан Өвөр Монголын нэр нөлөөг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аялал жуулчлалын нөөцийг гадаад ертөнцөд харуулж, илүү олон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, аялал жуулчлал хөгжих, орон нутгийн малчид, иргэдийн орлого нэмэгдэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих ач холбогдолтойг хэлж байлаа.
Соёл бол аялал жуулчлалын үнэт зүйл, аялал жуулчлал бол соёлын тээвэрлэгч юм. Наадам маань нарыг аргамжиж, наадамчин олны сэтгэлийг баясгаж, дуу хууртайгаар өргөн дэлгэр өрнөж байна. Наадмаар Өвөр Монгол орон дэлхийд танигдсаар.