Орчин цагийн хятадын нэрт зохиолчдын нэг Үй Хуа-гийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн драмын жүжиг аравдугаар сарын 01-нээс өдөр бүр Соёлын төв өргөөний тайзнаа үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Хүний амьдралын тухай олон эргэцүүлэлд хөтөлдөг намрын өдрүүдэд “Орфей” театрын хамт олон Орчин цагийн хятадын нэрт зохиолчдын нэг Үй Хуа-гийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа юм.
Үй Хуа зохиолчийн 1992 онд хэвлүүлсэн “Амьдрахуй” туужийг Монгол хэлнээ орчуулан хүргэсэн орчуулагч, зохиолч Мө. Батбаяр нь тус жүжгийн зохиолчоор ажиллаж байгаа бөгөөд найруулагчаар Мягмарнарангийн Батболд, продюсераар Төмөрсүхийн Ариунчимэг нар ажиллах юм. Жүжгийн зохиолчоор ажиллаж буй зохиолч, орчуулагч Мө.Батбаярын хувьд Үй Хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот” зэрэг зохиолуудыг монгол хэлнээ яруу сайхнаар хөрвүүлэн уншигчдад хүргэсэн билээ.